Дэлхийн шилдэг 10 боловсролын тогтолцооны долоо нь зүүн азид байна

vbЗүүн Ази, Номхон далайн бүс нутгийн боловсролын салбарын тайланг Дэлхийн банк өнөөдөр танилцууллаа. Тайланд дэлхийн шилдэг 10 боловсролын тогтолцооны долоо нь Зүүн Ази, Номхон далайн бүсэд байгаа бөгөөд Хятад, Вьетнам улсын сургуулиудын үзүүлэлт нэлээн ахисан хэмээн дурджээ. Гэвч бүс нутгийн бусад хэсэгт нийт сурагчдын 60 хүртэл хувь нь тэднийг амжилтын замд хөтлөх ур чадварыг олгож чадахгүй, сургалт муутай сургуульд сурч байна гэв.

Мөн Зүүн Ази, Номхон Далайн бүс нутагт суралцахуй ба эрх тэгш хөгжил тайланд эдийн засгийн өсөлтийг тогтвортой хангахын тулд боловсролыг дээшлүүлэх шаардлагатайг дурджээ. Тайланд мөн сурлагын үр дүнг дээшлүүлж чадсан улс орнуудын арга замуудаас онцлон тэмдэглэсэн байна. Энэ бүсэд амжилттай хэрэгжиж буй боловсролын тогтолцооны сургамжид тулгуурлан суралцах явцыг дэмжих үндсэн бодлогын талаар практик зөвлөмжүүдийг боловсруулжээ. Ингэснээр сурагчид унших, математикийн хичээлийн суурь ур чадварыг эзэмшихийн зэрэгцээ ирээдүйн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн илүү нарийн ур чадварыг ч эзэмших юм.
 
Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан Дэд Ерөнхийлөгч Виктория Кваква "Бүх хүүхдэд тэдний хаана төрснөөс үл хамааран чанартай сайн боловсрол олгох нь өөрөө зөв зүйтэйгээс гадна эдийн засгийн хөгжлийн бат бөх үндэс суурийг тавьж, өсөн нэмэгдэж буй тэгш бус байдлыг зогсоох, эргүүлэх хамгийн шилдэг арга юм" хэмээн онцлов.
 
Сургуулийн насны дэлхийн нийт хүүхдийн дөрөвний нэг нь буюу 331 орчим сая хүүхэд Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт амьдардаг. Тэдний 40 хүртэлх хувь нь Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага (ЭЗХАХБ)-ын орнууд дахь дундаж сурагчийн сурлагын үзүүлэлтээс илүү амжилтыг гаргаж буй боловсролын тогтолцоотой сургуульд суралцаж байна. Эдгээр амжилттай сургуулиуд зөвхөн Сингапур, Солонгос, Япон зэрэг хөгжингүй чинээлэг улс орнуудад төдийгүй Хятад, Вьетнам зэрэг дундаж орлоготой орнуудад ч бий. Мөн сурагчдын сурлагын амжилт нь тухайн улсын орлогын түвшинтэй заавал холбоотой биш байгааг тайланд цохон дурьджээ. Жишээ нь 10 настай, сурлагын амжилтаараа дундаж үзүүлэлттэй Вьетнам сурагч Энэтхэг, Перу, Этиоп улсын хамгийн шилдэг сурагчаас бусдыг дагуулахгүй, бүх дасгалыг илүү гүйцэтгэж байв.
 
Гэвч бүсийн хэмжээнд олон улс орнууд боловсролын салбарт хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байна.  Жишээ нь Индонезийн сурагчид бүс нутгийн шилдэг сурагчдын сурлагын амжилтаас 3-аас дээш жилийн хоцрогдолтой байна. Харин Камбож, Зүүн Тимор зэрэг орнуудад хоёрдугаар ангийн нийт сурагчдын гуравны нэгээс илүү хувь нь нэг ч үг уншиж чаддаггүй болох нь унших чадварын сорилын үеэр илэрсэн байна.  
 
Тус тайлангийн өөр нэг чухал дүгнэлт бол бүсийн хэмжээнд өрхийн орлого нь хүүхдийн боловсролын амжилтыг тодорхойлох хүчин зүйл биш болохыг онцолжээ. Жишээлбэл, Вьетнам, Хятад (Бээжин, Шанхай, Зянсу, Гуандун мужууд) улсын ядуу өрхөөс гаралтай сурагчид математик болон шинжлэх ухааны хичээлийн аль алинд нь ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын дундаж сурагчийн сурлагын амжилттай харьцуулахад ижил түвшинд эсвэл илүү сайн суралцаж байна.
 
Монгол Улсын хувьд ДНБ-ийхээ 4.6 хувийг боловсролын салбарт зарцуулдаг нь бүс нутгийн бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч зардлын ихэнх нь хувьсах зардалд хуваарилагдан, сурлагын үзүүлэлтэд илүү их нөлөө үзүүлдэг сургалтын хэрэглэгдэхүүн зэрэгт оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ бүс нутагтаа доогуур байгаа юм. Монгол Улсын хувьд сурагчид олон улсын стандарт сорилуудад хамрагддаггүй тул тэдний сурлагын түвшинг бусад орнуудыхтай харьцуулахад хүндрэлтэй байдаг аж.
 
Дэлхийн Банкны Боловсролын салбар хариуцсан ахлах захирал Жейме Сааведра "Багш нарыг сонгох, тэднийг дэмжих зөв зүйтэй бодлого болон хичээлийг зөв ​​зохистой явуулах дадал хэвшил нь сурагчид хэр ихийг сурч мэдэхийг тодорхойлж байна. Сургуулийн тогтолцоогоо сайжруулахыг хүсч буй бодлого боловсруулагчид одоогийн төсвөө үр ашигтай зарцуулах, тогтвортой бодлого явуулахад улс төрийн дэмжлэг үзүүлэх нь бүсийн хүүхэд багачуудын амьдралыг бодитой өөрчилнө" гэв.
 
Тус тайланд бүсийн хэмжээнд хоцрогдолтой байгаа боловсролын тогтолцоог сайжруулах талаар тодорхой алхмуудыг тусгасан бөгөөд нэн тэргүүнд боловсролын тогтолцооны бүх байгууллагууд хоорондоо харилцан нийцсэн зорилго, үүрэг хариуцлагыг хүлээн ажиллах нөхцлийг хангах нь зүйтэй гэжээ. Мөн энэхүү тайланд дараах дөрвөн үндсэн чиглэлд анхаарлаа төвлөрүүлэхийг уриалсан байна. Үүнд: Үр дүнтэй, тэгш байдлыг дэмжсэн төсвийн зарцуулалт; сурагчдыг суралцах үйл ажиллагаанд бэлтгэх; багшийг зөв сонгох ба дэмжих; ба сургах үйл явцыг ямар байхад чиглүүлэх зорилгоор үнэлгээг системтэй ашиглах. 
 
Судалгаанаас харахад боловсролын шилдэг тогтолцоо бүхий сургуулиуд нь сургуулийн дэд бүтэц болон багш нарт төсвийг үр ашигтай зарцуулдаг, багшлах сонирхлыг нь татахуйц байдлаар, шилдэг хүмүүсийг багшаар авч ажиллуулдаг, ангийн сурлагын амжилттай уялдуулж багш нарыг шагнаж урамшуулдаг цалингийн бүтэцтэй болох нь ажиглагджээ. Түүнчлэн бүсийн сургуулиуд ядуу эмзэг бүлгийн хүүхдүүдийг хамруулан сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, сурагчдын сурлагын үнэлгээг боловсролын бодлогодоо тусгаж ажилладаг байна.