Дотоод журам

ГУРВАНТАМИР КОЛЛЕЖИЙН ДОТООД ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Дотоод журмын зорилго нь Үндсэн хууль, Боловсролын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг удирдлага болгон нийт багш, оюутан, ажилчдын хөдөлмөрийн сахилга хариуцлагыг дээшлүүлж, дэг журмыг сайжруулахад оршино.

1.2. Дотоод журам нь тус сургуулийн үйл ажиллагааны хүрээнд хөдөлмөрийн харилцаанд оролцогч хүн бүрийн дагаж мөрдөх баримт бичиг мөн.

1.3. Журмын биелэлтэнд удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал, хичээлийн эрхлэгч, нэгж салбарын удирдлага болон ажилтан бүр хяналт тавих бөгөөд дотоод журам зөрчсөн хүнд захирлын тушаалаар зохих хууль, дотоод журамд заасны дагуу шийтгэл оногдуулна.

1.4. Сургуулийн хөдөлмөр зохион байгуулалт нь удирдах дээд байгуулага, удирдах ажилтны эрх үүрэг ба ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт тэдгээрийн ажлын уялдаа холбоогоор тодорхойлогдоно.

1.5. Сургуулийн захиргаа нь ажиллагсадтайгаа хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна.

1.6. Сургуулийн албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга тэмдэгийг албан ажлын хэрэгцээнд удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал хэрэглэнэ.

Хоёр.  Сургуулийн удирдах зөвлөл, түүгээр хэлэлцэх асуудлын зарчим

2.1. Сургуулийн удирдах зөвлөлөөр хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлыг хариуцсан ажилтан, хамт олныхоо хурлаар хэлэлцүүлж, гүйцэтгэх захирлаас зөвшөөрөл авсны үндсэн дээр удирдах зөвлөлд оруулна.

2.2. Хэлэлцүүлэх асуудлыг гүйцэтгэх захиралд танилцуулан төлөвлөгөөнд тусгуулан зөвлөгөөнөөс 7 хоногийн өмнө удирдах зөвлөлийн гишүүдэд тараасан байна.

2.3. Сургуулийн удирдах зөвлөлийг Боловсролын тухай хуулийн 30-р зүйлийн 6 дахь заалтын дагуу ажиллуулна.

Гурав .  Багш,  ажилчдыг ажилд авах, хөдөлмөрийн гэрээг байгуулах, 

цуцлах үндэслэл

3.1. Сургуулийг төлөөлж гүйцэтгэх захирал багш, ажилчидтай хөдөлмөрийн гэрээг бичгээр хийнэ.

3.2. Багш ажилчдыг ажилд авахдаа хувь хүний сонирхол, хувийн соёл, зан харьцаа, хүнтэй ажиллах эв дүй, нийгмийн идэвхи, боловсрол мэргэжлийн түвшин, хөдөлмөрийн чадвар, эрүүл мэнд, шударга зарчимч чанар болон тухайн албан тушаалд тэнцэх эсэх зэргийг шалгуур болгоно.

3.3. Сургуулийн захиргаа ажилд авах хүмүүсээс доорх бичиг баримтыг бүрдүүлж авна. Үүнд:

  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Өргөдөл буюу ажилд авахаар судалсан хамт олны хурлын протокол
  • Ажилтны биеийн байдлын маягт №1
  • Диплом, мэргэжлийн болон эрдмийн зэрэг цолны үнэмлэхийн хуулбар
  • Нийгэмийн даатгал ба эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Бүтээлийн жагсаалт

3.4. Багш ажилчдыг ажилд авахдаа дор дурьдсан зааварчлага өгнө.

  • Сургуулийн дүрэм, дотоод журмыг танилцуулах
  • Ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс, шагнал урамшуулал, шимтгэлийг танилцуулах
  • Хөдөлмөр хамгаалалтын талаар зааварчлага өгнө.

3.5. Багш ажилчдыг ажилд авахдаа сонгон шалгаруулах зарчмыг баримтлана.

3.6. Үндсэн ажлаа шаардлагын хэмжээнд хийхгүй, ажлаас удаа дараа хожимдох, ажил таслах, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлана.

3.7. Сургуулийн захиргаа ажлаас халагдсан хүнтэй 14 хоногийн дотор ажил, амралтын холбогдох тооцоог хийж тойрох хуудас зуруулан ажлын газрын үнэмлэхийг хурааж авна.

3.8. Ажлаас халах, цалин хөлс авахыг зогсоосон захирлын тушаал  гараагүй байхад хүнийг ажлаас халсанд тооцох, ажлаа хийж буй хүний ажлын хөлсийг олгохгүй байхыг хориглоно.

Дөрөв .  Гүйцэтгэх захирлын ажил үүрэг

4.1. Багш, ажилчдын хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, тэднийг үндсэн ажил үүрэг, мэргэжлийн дагуу ажиллуулах, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллах нөхцөл бүрдсэн ажлын болон хичээлийн байр танхим, өрөөг тоног төхөөрөмжөөр хангаж өгнө.

4.2. Хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах арга хэмжээ авна.

4.3. Багш, ажилчдаас ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавина.

4.4. Хамт олны хөдөлмөрийн болон нийгмийн идэвхийг дээшлүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авч болно.

4.5. Багш ажилчдын хөдөлмөрийн хөлсийг зохих хууль тогтоомжийн дагуу тогтоож цалинг сар бүрийн  15, 25-ны дотор олгоно.

Тав.  Ажилчин, багш ба оюутны нийтлэг үүрэг

5.1. Сургуулийн дүрэм, дотоод журмыг чанд сахиж хөдөлмөрийн болон суралцах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлнэ.

5.2. Сургуулийн эд хөрөнгө материал, сургалтын тоног төхөөрөмжийг хайрлан хамгаалж түүнийг үр өгөөжтэй ашиглан хариуцсан тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангана.

5.3. Сургуулийн нэр хүндийг гутаах зорилгоор гүтгэх, үйл ажиллагаанд нь саад хийх аливаа оролдлогын эсрэг шийдвэртэй тэмцэнэ.

5.4. Мэдлэг, ур чадвараа байнга дээшлүүлнэ.

5.5. Хичээлийн эрхлэгч, багш, нарийн бичгийн дарга нар хичээл эхлэхээс 10 минутын өмнө ирж хичээлийн өрөө, танхим, тухайн хичээлд шаардагдах эд зүйлийг бэлэн болгоно. Хичээлийн эрхлэгч 17 цаг хүртэл ажлын байрандаа байх бөгөөд багш нарын ажлын гүйцэтгэлд хяналт тавина.

5.6. Анги бүлгүүд гүйцэтгэх захирлын шийдвэрээр томилогдсон, хариуцсан багш, ахлагчтай байна

5.7. Анги хариуцсан багш нь ангийнхаа оюутанд зөвлөгөө өгөх, тэдний бие дааж амьдрах, хөдөлмөрлөх, соёл хүмүүжил, спортын ажил зохиоход нь туслан зохион байгуулах үүрэгтэй ба энэ ажлын үр дүнгээр нь удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн анги хариуцсан багшид үндсэн цалингийн 10-15 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг хагас жилд нэг удаа олгоно.

Зургаа. Хичээллэх цаг

6.1. Сургалтыг сургалтын төлөвлөгөөний дагуу сургуулийн захиргаанаас баталсан хуваарийн дагуу явуулна.

6.2. Хичээл өглөө 9.00 цагт эхэлж хичээлийн үргэлжлэх хугацаа 90 минут, хичээл хоорондын амралт 10 минут байна. Хичээл эхлэх, завсарлах, дуусах дохиог хичээлийн байрны жижүүр өгнө.

 6.3. Хичээлийн дундуур багш, оюутныг дуудах тэднээр өөр ажил хийлгэхийг хориглоно.

Долоо. Ажлын цагийн дэг журам

7.1.  Албан хаагчдын ажил өглөө 9.00 цагт эхлэж орой 17 цагт дуусна.  Өдрийн унд 13-14 цаг. Номын санч өглөө 10 цагаас оройн 19 цаг хүртэл ажиллах ба ундны цаг 15-16 цаг. Номын сангийн үйл ажиллагааг тусгай журмаар зохицуулна.

 7.2. Үйлчлэгчийн ажил 8.30 цагт эхэлж 17.30 цагт дуусах ба өлгүүрийн ажлыг давхар гүйцэтгэнэ.

7.3. Жижүүр манаач нь сургуулийн эд хөрөнгө, өрөө тасалгаа, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг сахин хамгаална. Манаач сахиулууд 8.30 цагт ажлаа бүрэн хүлээлцсэн байна. Хичээлийн байранд дэг журам сахиулж, гадны хүмүүсмйн оролт гаралтад хяналт тавина. 

7.4. Уурын зуухны галч нар нь өглөө 10 цагт ажил хүлээлцэх ба ажлын байраа орхиж явахыгг хатуу хориглоно. Гэрэл, цахилгаан тасарч 3 цаг болбол бүх галч нар ээлж харгалзалгүй заавал цуглана.

7.5. Багш нарын ажлын цаг ашиглалтын балансыг хичээлийн эрхлэгч, ажилчдын цаг ашиглалтын балансыг нябо гаргаж сар бүрийн 10, 20-нд санхүүд өгч цалингийн зохих тооцоог хийж байна.

7.6. Тухайн өдөр цагаа бүртгүүлээгүй, гадуур ажлаар явахдаа захирал, эрхлэгчид мэдэгдээгүй ажилтанг ажил тасалсанд тооцно. Ажилтны цагийн бүртгэлд байнга хяналт тавьж цагийн бүртгэлийн дагуу цалинг бичин олгож байхыг санхүү хариуцна.

7.7. Согтууруулах ундааны зүйлийг ажлын цагт хэрэглэсэн ажилчдыг тухайн өдөр ажиллахыг хориглож зохих журмын дагуу шийтгэл оногдуулна.

Найм. Тэтгэмжтэй ба тэтгэмжгүй чөлөө олгох

8.1. Хөдөлмөрийн хуулийн 36-р зүйлийг үндэслэн сургуулийн захиргаа ажилтан, ажилчдад тэтгэмжтэй ба тэтгэмжгүй чөлөөг дараах журмаар олгоно.

  • Чөлөө авахыг хүссэн хүн чөлөө авах болсон учир шалтгаанаа тодорхой заасан өргөдөл, холбогдох бичиг баримт бүрдүүлэн захиралд хүсэлт гаргана.
  • Эхнэр нь төрөх, эцэг, эх, гэр бүл, үр хүүхэд нь өвчлөх, нас барах, өөрөө хүндээр өвчлөх, байгалийн гамшигт өртөх, осолд орох зэрэг гэнэтийн аюул тохиолдсон нөхцөлд багш, ажилчдад тэтгэмжтэй чөлөө олгох асуудлыг захирал удирдах зөвлөлийн даргатай зөвшилцөн шийдвэрлэнэ.
  • Сараас дээш хугацаагаар тэтгэмжгүй чөлөө авах тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцалж болно.
  • Ажлаас чөлөө аваад хугацаандаа ажилд ороогүй тохиолдолд хийсэн хөдөлмөрийн гэрээг захирлын санаачлагаар цуцалж болно.

Ес.  Тэтгэмж, тусламж олгох

9.1. Сургуулийн захиргаа ажилтан, ажилчдад байгууллагын ажиллагааны үр дүн, хөрөнгийн болоцоогоо харгалзан үндсэн цалин дээр нь зохих нэмэгдэл өгч болно.

9.2. Албан хаагчдын гэр бүлийн гишүүн, эцэг, эх нь нас барахад мөнгөн болон эд материалын тусламжийг тухайн үеийн ханшаар хэмжээг тогтоож захирлын тушаалаар олгоно.

Арав. Шагнал урамшуулал олгох

10.1. Шударгаар хөдөлмөрлөж эрхэлсэн ажил, сурлагандаа амжилт гаргасан багш оюутан, ажилчдыг сургуулийн захиргаанаас дор дурьдсан хэлбэрээр шагнаж урамшуулна.

  • Мөнгөн шагналаар
  • Төлбөрт хөнгөлөлт үзүүлэх
  • Сургуулийн зардлаар амралт сувилалд явуулах
  • Төрийн дээд шагнал болон яам, байгууллагын шагналд тодорхойлох
  • Хөдөлмөрийн алдрыг тэмдэглэх

10.2. Сайшаан шагнахдаа хамт олон, нэгж салбарын даргын саналыг үндэс болгоно.

10.3. Хичээлд идэвхитэй оролцож, нэг ч цагийн хичээл таслаагүй оюутны рейтингийн оноог 10 хувиар өсгөнө.

10.4. Ямар нэг шалтгаанаар тасалсан хичээлээ нөхөж эзэмшсэн оюутны ирцийг кредит цагт оруулан тооцно.

10.5. Тухайн хичээлийн даалгаврын биелэлтийг 90-100 хувь хангасан оюутныг шалгалтнаас чөлөөлж, 80-89 хувь хангасан оюутаны шалгалтанд 5 хувийн хөнгөлөлт үзүүлнэ.

10.6. Гурван улирал дараалан бүх хичээлдээ 90-100 хувийн сурлагын амжилт гаргасан оюутны сургалтын төлбөрийг 30 хүртэл хувиар хөнгөлнө.

10.7. Улсын чанартай уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний бага хуралд оролцож тодорхой амжилт гаргасан оюутныг тухайн хичээлийн шалгалтаас чөлөөлнө.

10.8. Жил бүр сургуулийн тэргүүний оюутан шалгаруулна.

10.9. Хүндэтгэх шалтгаангүйгээр шалгалтанд ороогүй оюутны дахин шалгалтын мөнгийг 3000Ґ-өөр тооцно.

10.10. Таван улирлын туршид нийт 56-аас дээш кредит цаг цуглуулсан оюутан нь 6 улирлаас эхлэн дипломын сэдэв сонгон дипломын ажил хийж эхлэх ба улсын шалгалтаас чөлөөлөгдөнө.

Арван нэг.  Хууль дүрэм зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

11.1. Ажил таслах, ажилдаа согтуу ирэх, ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэх, ажлын цагийг үр дүнгүй өнгөрөөх, удаа дараа ажлаас хоцрох, эрт явах, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зэргээр хөдөлмөрийн сахилга, сургуулийн дүрэм, дотоод журам зөрчсөн багш ажилтанд Монгол улсын хөдөлмөрийн хуулийн 58 дугаар зүйлийг баримтлан сахилгын шийтгэл оногдуулна.

11.2. Ажлын нэг өдрийн турш ажилдаа ирээгүй эсвэл ажлын нэг өдөр нийлбэр дүнгээр 4 түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, хичээлийн байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон согтуу ирсэн багш ажилтанг ажил тасалсанд тооцно. Ажиллаагүй өдөр, цагт ногдох цалин хөлсийг, цалин, ээлжийн амралтнаас хасч тооцно.

11.3. Оюутан хичээлийн болон оюутны байранд архи болон согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд захирлын тушаалаар арга хэмжээ авна.

11.4. Оюутан сурлага, сахилга батаар тэнцээгүйн улмаас сургуулиас хасагдсан тохиолдолд сургалтын төлбөрийн үлдэгдлийг буцааж олгохгүй.

11.5. Хичээлийн болон оюутны байрны эд хогшил, тоног төхөөрөмжийг эвдэж гэмтээсэн хүмүүсээр эвдрэл гэмтлийн хохирлыг төлүүлэх, сахилгын арга хэмжээ авч гэм буруутай этгээд хохиролгүй болгоно.

11.6. Дотоод журам зөрчсөн хүмүүст сануулахаас эхлэн сургуулиас хасах, ажлаас халах хүртэл арга хэмжээг сургуулийн захирлын тушаалаар шийдвэрлэнэ.

Арван хоёр. Хичээлийн байранд баримтлах дэг журам

12.1. Хичээлийн байрны дэг журам зөрчигчдийг зэмлэн буруушааж зарчмын шаардлага тавихыг хамт олон хүн бүрийн үүрэг гэж үзнэ.Хичээлийн байранд дараах зүйлийг хориглоно.

  • Малгай, гадуур хувцастай явах
  • Хичээлийн үед бусдад нөлөөлхүйцээр чанга ярих, үймж шуугих, гүйх, дуу хөгжим чанга тавих
  • Цаас хогийг зориулалтын савнаас бусад газар хаях, хана налж зогсох, цонхны тавцан дээр гарч суух, байрны хана, хаалга, ширээ, сандал, цонх, эд хогшил дээр юм бичих, эд хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр анги танхим, хичээлийн байрнаас эд хөрөнгө шилжүүлэн зөөх, авч гарах
  • Хуваарьт өрөө тасалгааг дур мэдэн солих, зориулалтын бусаар ашиглах
  • Согтууруулах ундааны зүйл уух, зориулалтын бус газар тамхи татах, согтуугаар хичээлийн байранд нэвтрэх, сэлгүүцэх
  • Түргэн тусламж, цагдаа, гал усны аюулд тусламж дуудахаас бусад хэрэгцээнд утас ашиглах
  • Цонхны салхивч, усны цорго онгорхой орхих
  • Ажил, хичээлгүй байгаа үед багш, ажилтан бүр ажлын өрөө болон анги танхим, кабинетийн техникийн аюулгүй байдлыг шалган лацдаж түлхүүрийг хичээлийн байрны жижүүрт хүлээлгэж өгнө.

 12.2. Захирал, багш нарын өрөө, коридор, шатыг үйлчлэх ажилтан, анги танхимыг хариуцсан ангийн оюутнууд цэвэрлэнэ.

 12.3. Хичээлийн байранд гарсан аливаа осол зөрчлийг мэдсэн хүн бүхэн тэр даруй жижүүрт мэдэгдэж байна.

Арван гурав. Оюутны байранд баримтлах дэг журам

 13.1. Сургуулийн захиргаанаас хуваарилсан байранд оюутан оруулах ажлыг нарийн бичгийн дарга хариуцах бөгөөд байрны захирал түүнд хяналт тавьж байна.

 13.2. Оюутны байрны нийтийн эзэмшлийн газраас бусад талбайг суугч оюутан өөрөө цэвэрлэнэ.

 13.3. Оюутны байрны бүх зохион байгуулалт, удирдлагыг байрны захирал сургуулийн өмнө хариуцна.

 13.4. Оюутны байранд дараах зүйлийг хориглоно.

  • Байранд тогтоосон цагийн хуваарийг зөрчих
  • Хуваарилсан өрөө тасалгаа, эд хөрөнгийг дур мэдэн солих, эвдэх, гэмтээх, хувьдаа ашиглах, бусдад дамжуулах
  • Согтууруулах ундааны зүйл хэрэглэх
  • Гадны хүмүүсийг зөвшөөрөлгүйгээр байранд оруулах, хоноглуулах

13.5. Сургуулийн захиргаа, байрны зөвлөл дотуур байрны үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж зөрчил гаргасан оюутныг байрнаас гаргана.

Location Map

JoomShaper